Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн хохирогч, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч Хүрэлсүх нар нь мэдээлэл хийлээ. Хохирогчийн аав Р.Төмөрхуяг "Ийм хэрэг гарсанд үнэхээр харамсч байна. Манайх бол дөрөв дэх үеэрээ төрд зүтгэж байсан хүмүүс. Төрийн байгууллагад ийм зүйл болно гэж бодолгүй хүүгээ төрийн албан зүтгүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд бид монгол ёс жаягаа бодоод дуугарахгүй байлаа. Харин өнөөдөр 49 хоног нь тохиож байна. Тиймээс дуугаръя гэж бодлоо. Энэ хооронд миний хүүг архи дарс уусан гэж гүтгэлээ. Миний хүү бол тийм хүн биш. Миний дөрвөн ач үлдсэн. Хамгийн бага нь ой зургаан сартай. 20 жилийн дараа ач нарт маань аав чинь архи ууж яваад амиа алдсан гэж хэн нэгэн битгий яриасай гэдэг үүднээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна" гэлээ.
Авга ах Р.Ганхуяг "Айлд хүний хайрыг татсан хүүхэд байдаг. Т.Гомбосүрэн бол тийм л хүүхэд байлаа. Дөрвөн хүүхдийн эцэг, Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн жирийн нэг албан хаагч. Гэтэл ажил дээрээ архи ууж байсан хүмүүс дуудаж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн. Энэ бүхний баримт бий. Мөн энэ хэрэг гаргахаас өмнө миний дүүг ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг томилохаар ажиллаж байсан тухай баримт бий. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс дөрөвдүгээр сард Дорждагва гэдэг хүнийг оронд нь томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн байсан. Тухайн үед нь миний дүү ажлаа хийж байсан бөгөөд хөдөө томилолтоор явж байсан юм билээ. Миний дүүг ямар ч хамаагүй аргаар зайлуулж ажлыг нь булаах гэж байсан нь үүнээс харагдаж байна.
Би хэрэг гарсны маргааш дүүгийнхээ ажлын өрөөнд орсон. Тэгэхэд өрөөний гэрэл, компьютер нь асаалттай, ширээн дээр нь бичиг цаас нь дэлгээтэй, костьюм нь сандал дээрээ дохоотой байсан. Ажлаа хийгээд сууж байхад нь тэр хүмүүс дуудсан нь тодорхой байгаа. Утсаар ярьж дуудсан бичлэг нь бий (Утсаар ярьсан бичлэг сонсгов)" гэв.
Өмгөөлөгч Хүрэлсүх "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна" гэлээ.