Дорноговь аймгийн Сайншандад 55 мв-ын хүчин чадалтай салхин парк нээлтээ хийлээ. Салхин паркийн бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлыг дуусгасан байна.
Барилга угсралтын ажил дууссанаар нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож эрчим хүч нийлүүлэх ажлаа эхэлж байна. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын шинэ ажлын байр бий болох юм. Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж босгож байгаа юм.
55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтойтөдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэх юм. Үүнээс гадна нарны эх үүсвэрийг ашиглаж “Дезерт солар пауэр вуан” ХХК Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж байна.
Нарны эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох, эрчим хүч экспортлох зорилготой аж.