“Эрдэнэс таван толгой” ХК (ЭТТ) Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг. Гэвч орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул тус сумын Цагаан-Овоо багийг сумын төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Үүний тулд багийн айл бүрийг нүүлгэхэд шаардлагатай зардлыг тооцоолон, үнэлгээ хийлгэсэн байна. Нүүлгэн шилжүүлэлтийн зардал тодорхой болмогц компанийн 2019 оны зардалд тусгах аж. 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Цагаан-Овоо багт 720 өрхийн 2364 иргэн амьдарч, 60 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байжээ.
Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор хатуу хучилттай хоёр зам тавихаар төсвийн төсөөлөл боловсруулж эхэлжээ. Энэ ажлыг мөн ирэх жилд эхлүүлэх юм байна. “Эрдэнэс таван толгой”-Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээний хүрээнд тус аймагт 1500 хүүхдийн сургууль барих, гудамж талбай тохижуулах үүргийг ч компани хүлээсэн байна.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ЭТТ компани долоон жилийн турш “Ногоон говь” төслийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, говьд зулзаган мод ургуулж болохыг баталжээ. Цаашид модны тоог 100 мянгад хүргэх гэнэ.