Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн наймдугаар хороо Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станцруу үер орох магадлал ихэссэн юм. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хороо Эрдэнэтолгой УС-15 орчимд 90.000 м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүлсэн билээ.
Түүнчлэн даланг барих ажилд саад учруулаад буй дүүргийн 10 дугаар хороо Амгалан дулааны станцын урд талын зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгах ажил өнөөдөр эхэлсэн юм.
Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Онцгой байдлын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.