УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй болон 15,2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг хэрэгт буруутган шалгаад эхэлсэн билээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тодруулбал, Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрчээ. Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна.