Нийслэл хотод орсон усархаг борооны улмаас багагүй хохирол амссан газар бол Хавдар судлалын үндэсний төв. Тус төвийн шинэ байрны зоорийн давхарт байсан аппарат усанд автаж, салбарын сайдын ажлын үнэн төрхийг илчлээд амжсан. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, албаны хүмүүс Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүссэн нөхцөл байдалтай танилцав.
Гэтэл уг асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож дарамталсан байна. Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт "Та жаахан зай тавиад өгөөч" гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон аж. Мөн "Чи миний ажлыг заадаг хэн бэ" хэмээн ихэд омогдсон талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээлж байгаа юм.
Ямартаа ч уулын модыг суга татаж нийслэлд нутагшуулах “мэргэн” санааг хэрэгжүүлэгч Т.Гантөмөр даргын уур омог их байгаа бололтой. Тарьсан моднууд нь эхнээсээ үхжиж, тавьсан зам нь захаасаа хууларч, хот нь үерт автаад байгаа нь хотын ерөнхий менежерийн ажлын чанар чанааг төвөггүйхэн илтгэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.