Иргэд “Централ Эшиа Майнинг” компаний эсрэг буу бариад зогсоход ч бэлэн байна
“Централ Эшиа Майнинг” компани нь Баянхонгор аймгийн заг сумын “ Эх булаг” хэмээх газарт алт олборлохоор хоёр жил оролджээ.
Компаний удирдлагууд 27 удаа Заг сумын иргэдтэй уулзан их хэмжээний мөнгө амласан байна.Зөвшөөрөл авахын тулд сумын захиргаанд 400 сая, Багийн иргэдэд 100 сая төгрөг амлажээ.
Гэсэн хэдий ч сумын захиргаа, иргэд үүнийг эрс эсэргүүцэн “ Эцэг өвгөдийнхөө булш бунхан, хиргисүүр оршсон газрыг Эрдэнэбилэг чи зүгээр орхичхооч .Чи өлсөөд байгаа бол нутгийн иргэд чинь 100 хонь өгье” , “ Уул уурхайгаас болж гол горхи ширгэж тарвага зурам ч үгүй боллоо.Тарвага үгүй болсон ч тарвага бууддаг калибр бий шүү.Тайрсан калибраа бариад босох хүртэл тэвчээрийг бүү шалгаарай” хэмээн дургүйцлээ илэрхийллээ.
Нутгийн иргэдийн “амь тавин” хамгаалж буй Эх булаг хэмээх газар бол мөстлөгтэй \ Хөрс дороо мөсөн голтой\ газар юм. Энэ мөстлөгөөс олон жижиг гол горхи үүсэн Заг, Байдрагийн голыг бий болгоод зогсохгүй Бөөнцагааан нуурыг тэжээн тэтгэдэг байна.
Хэдэн жилийн өмнө хандив амласан аж ахуйн нэгж Байдрагийн голын эхэнд алт ухсанаас болж элс сайр үлдсэн гашуун сургамжийг дахин давтахыг хүсэхгүй байгаа аж.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа