Засгийн газрын хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр 'Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа шалгуулагчдыг хохироохгүй үүднээс Улсын бүртгэлийн газартай серверээ холбосон. Шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн регистрийн дугаарыг хийхээр шалгуулагчийн бүх мэдээлэл гарч ирж байгаа учраас бүртгэл дээр ямар нэгэн гомдол гараагүй. Мөн хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон гэсэн гомдол гараагүй. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх анги танхимыг бэлдэж өгсөн. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг шалгалтад оруулсан. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарна' гэсэн юм.
Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад “БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон хэргийг нягталсан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учраас сургуулийн хөлбөмбөгийн талбайд тогложээ. Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг янзлах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт нь бас арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэрийн нөхцөл байдал хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүй асуудал. Ёсзүйн арга хэмжээ авна” гэлээ.