Өнгөрсөн долоо хоногийн үеэс Оюутолгойн гэрээг үзэглэсэн тэр үеийн төрийн өндөр албан тушаалтнууд ашиг сонирхолын зөрчил гаргасан байж болзошгүй асуудал дэгдлээ.
Үүнтэй холбогдуулан С.Баярыг АТГ-т арав гаруй цаг байцаасан бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-с хэрэг үүсгэсэн талаар мэдээллээ. Мөн Сангийн сайд асан С.Баярцогтыг авлига, хээл хахууль авсан, олон улсын төвшинд мөнгө угаасан гэх хэргээр Швейцарь улсын прокуророос шалгаж буйгаа мэдэгдсэн. Швейцарийн прокуророос С.Баярцогттой холбоотой гадаад дахь банкны дансыг нь царцаасан мэдээлэл дунд "Рио Тинто "компаниас 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь ил болжээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр АН-ын удирдлага яаралтай хуралдаж Сангажавын Баярцогтыг тус намаас хөөх болсон тухайгаа мэдэгдлээ.
Харин Оюутолгойн гэрээг үзэглэх үед гол үүрэгтэй оролцсон хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хаана явааг сураглах хүн даанч байсангүй. Хуучнаар МАХН доторх фракцуудын дотор М.Энхболдын хүрээлэлд багтаж явсан мань эрхэм одоо хаана юу хийж явна.
"Гэр хорооллын барилгажилт "Хадгаламж зээлийн хоршооны дарга байсан Ц.Түмэнгэрэл гэгчид зэрлэгээр алуулсан Д.Бадраа агсны төрсөн ах Д.Зоригт УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож 2009 оны аравдугаар сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр Монголын улс төрд орж ирсэн түүхтэй. Улаан гэрлээр улс төрд орж ирсэн Д.Зоригт УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж томорсон. Түүгээр ч зогсохгүй Монголчуудыг хэдэн үеэр тэжээх боломжтой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлөн гарын үсэг зурж амжсан. Хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн тэртээ буюу 2009 оны 10 дугаар сарын 07-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй Монголын улстөрчид "Намрын дунд сарын шиний 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн хөөрцөглөж байсан нь одоо нэгэнт түүх болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед "компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк "ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед "компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурж байв.
Оюутолгойн гэрээг үзэглэсны дараа С.Баярцогтын Швейцарь дахь данс руу мэдэгдэж байгаагаар Рио-Тинто компаниас 10 сая ам.доллар орж, С.Баяр АНУ-д нэжгээд хаус авсан явдал гарсан. Мөн Ч.Сайханбилэг, Д.Зоригт нар учир битүүлгээр гэнэтхэн хөлжсөн байна. Л.Гансүх нэг сая доллараар хаус худалдаж авсан явдал ч гарсан. Тэгвэл энэ хэргийн учир зангилаа өнөө эцэслэн тайлагдах уу эсвэл тэгж байгаад чимээгүй сураг алдрах уу гэсэн асуулт ард иргэдийн дунд яг одоо өрнөж байна
Tug.mn