“Оюутолгой”-н гэрээг байгуулахдаа авлига авсан байж болзошгүй гэгдэн шалгагдаж буй С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав. Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргалаа. С.Баярцогтын өмгөөлөгчийн тухайд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, гомдолтой байна гэдгээ өмнө нь хэлж байсан.
Өмгөөлөгч Г.Орхон “Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. С.Баярцогт АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй ирж мэдүүлэг өгсөн. Мөн АТГ-аас амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байцаахад хүртэл өмгөөлөгчгүй очсон. С.Баярцогтод оргон зугтах юм уу, хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорих шийдвэр гаргасантай санал нийлэхгүй, гомдолтой байна” гэж мэдэгдсэн. Гэсэн ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт болон Б.Бямбасайханыг хорьж шалгах ёстой гэж үзжээ.