Оюутан цэрэг сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Тодруулбал, энэхүү сургалтын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс энэ жил нийслэл хот болон 13 аймгийн их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1000 оюутан хамруулж буйгаараа онцлог болж байгаа юм. Мөн энэ жил анх удаа оюутан цэрэг сургалтыг Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр батлан хамгаалах бэлтгэлжилтэй оюутны тоо нэмэгдэх давуу талтай гэдгийг салбар яамныхан онцолж байлаа. Тус нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон БСШУСЯ-ын сайд Цогзолмаа болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд оролцлоо.
Уг сургалтад хамрагдсан оюутан суралцагчдын сахилга, хүмүүжил дээшилж, хувийн зохион байгуулалттай, найз нөхдөө манлайлсан сайн хүн болж төлөвшиж байна. Мөн оюутан цэрэг сургалтад хамрагдсанаар их дээд сургуулиа төгссөний дараагаар төрийн албанд ажиллах боломж нээгддэг гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр онцлов.Оюутан цэрэг сургалт 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжиж, нийт 300 орчим оюутан энэхүү сургалтад хамрагдаад байна. Өнгөрсөн жил буюу 2017 оны оюутан цэрэг сургалтад амжилттай хамрагдсан АШУИС-ийн оюутан, мэс засалчдын клубийн тэргүүн Н.Шаравжамц энэ жил тус сургалтад шинээр хамрагдаж буй оюутнууддаа хандаж үг хэллээ. Тэрээр “Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхаж, жаргал зовлонгоо хуваалцаж, огт үзээгүй зэвсэг агсаж, оройн тоондоо жавхаатай жагсаж, 60 хоног амжилттай албаа хааж дуусгасандаа баяртай байна. Эх орны сайн цэргүүд болоорой гэж хүсье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг” хэмээсэн юм. Харин энэ жил оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудын төлөөлөл “Төгсөөд төрийн албанд ажиллах хүсэлтэй учир тус хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн найз нар маань яваад ирсэн. Гэр бүлийнхэн маань их дэмжиж байгаа. Ийм хөтөлбөр явуулж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай” гэдгийг онцолсон юм.
Өнөөдөр нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс оюутнууд онолын хичээлдээ хамрагдах аж. Нэг жилийн цэргийн бэлтгэлийг оюутнууд 60 хоногийн хугацаанд хаах юм.