Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан АТГ-ын тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт АТГ-ын ажлын удирдамж гардууллаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын ажлын хэсэг төрийн бүхий л шатны байгууллагад ажиллан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ.
АТГ-аас шалгалтын үр дүнг Үндэсний Аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтын үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид дахин зөрчил гаргахгүй байх үүднээс зөвлөмж боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. АТГ-ын ажлын хэсгүүд энэ оны гуравдугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллаж, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах аж. Энэхүү шалгалтын удирдамжийг АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулан, танилцууллаа.