Төрийн ордонд өнөөдөр, маргааш УИХ-ын чуулган хуралдана. УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр анхны хэлэлцүүлгийг нь хийнэ.
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн бариад байгаа.
Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм байна.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлого”-ын талаар тавьсан асуулгын хариуг сонсохоор болжээ.