Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийнэцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.
Улсын Их Хурын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа одоо мөрдөгдөж буй заалтыг нарийвчлан, далд эдийн засагт явагдаад буй арилжааг ил болгон, татвар ногдуулах зохицуулалтыг нэмсэн гэдгийг Сангийн яамны зүгээс тайлбарлав. Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.1 хувь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.6 хувь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь тус тус дэмжин, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг баталлаа.