Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулж өргөн мэдүүлсэн.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Мөн төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороодын хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гаргасан саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Сумъяабазар нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 17.4 дэх заалтыг “сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг өдөр тутмын сониноор нийтэд зарлана” гэснийг “сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ" гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 18.1.2 дахь заалтыг “тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар” гэж тус тус өөрчлөн найруулахаар гаргасан санал дэмжигдлээ. Уг санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн байна.
Түүнчлэн "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн Монгол Улсын Засгийн газарт даалгасан 1 дүгээр заалтыг төслийн 1.1 дэх дэд заалт болгож, "Газрын тухай хуульд нэмэлт оруулж байгаатай холбоотойгоор газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох. ” гэсэн агуулгатай дурдсан агуулгатай 1.2 дахь дэд заалт нэмэх, тогтоолын төсөлд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжэээнүүдийн байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягталж, батлагдсан төсөвт өртөпг багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах" гэсэн агуулгатай 1.3 дахь дэд заалтыг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Эцэст нь Төсвийн байнгын хороо дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвинй тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -үүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 117 тэрбум төгрөгөөр, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр дэх зээлийн хүүгийн татаасыг 1.8 тэрбум төгрөгөөр, их, дээд сургуулийн тогтмол зардалд төсвөөс олгож байгаа санхүүжилтийг 4.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эдгээр эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн эх үүсвэр болон төсвийн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийхэд төсөвлөсөн хөрөнгө болон улс, орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд тус тус зарцуулах нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг дэмжсэн байна. Мөн тус Байнгын хорооны гишүүд болон бусад Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Харин жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт 62 тэрбум төгрөг нэмж тусгахыг 4 тэрбумаар бууруулж 58 тэрбум төгрөг болгох талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул тэрбээр энэ асуудлаар цөөнх болжээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Ирэх оны улсын төсвийг бүхэлд нь авч үзэхэд төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан төсвийн шалгуур үзүүлэлтийн таван үзүүлэлтийг хангаагүй, төсвийн зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа намын бүлэг санал, дүгнэлтдээ дурдлаа. Мөн төсвийн хариуцлага, сахилга, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, бодит төлөвлөлтийг сайжруулах, эдийн засаг өсч буй энэ үед хуримтлал бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, улсын хэмжээнд цалин хөлсний цогц бодлого боловсруулж инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн байнгын хорооны гишүүд болон Ажлын хэсэг, бусад Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.
Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёолол бэлтгэснийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 125.0 тэрбум төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг бууруулах чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь “Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” дэх зээлийн хүүгийн татаас арга хэмжээнд төлөвлөсөн төсвийг 1,836.6 сая төгрөгөөр бууруулах, мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлтэд дурдсаныг үндэслэн их, дээд сургуулийн тогтмол зардалд төсвөөс олгож байгаа санхүүжилтийг 4.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Харин урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад, Малын генетик нөөцийн тухай, Малын эрүүл мэндийн тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулж 1 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын урсгал зардалд, Газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологийн судалгааны ажилд зориулж 500 сая төгрөгийг Шадар сайдын төсвийн багцын урсгал зардалд тус тус нэмж тусгахаар болов.
Түүнчлэн Биеийн тамир, спортын газрын урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр, Соёл, урлагийг дэмжих сангийн урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад тусгах, хүүхэд хамгааллын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардлыг мөн 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгахыг дэмжлээ.
Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах чиглэлээр өмнөх онуудад олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг нь үндэслэн саналын томъёоллын хавсралт 1-д тусгагдсан 6 төсөл, арга хэмжээний 2018 онд санхүүжих дүнг 927.4 сая төгрөгөөр бууруулах зэрэг 4 санал гаргасан нь дэмжигдлээ. Харин хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XIY.1.2.2-д тусгагдсан “Улсын чанартай авто зам, гүүрийн засвар, арчлалт /улсын хэмжээнд/” гэсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөг болон 2018 онд санхүүжих дүнг тус тус 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов. Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад саналын томьёоллын хавсралт 2-т тусгагдсан 49,079.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 24,802 сая төгрөгийн 2018 онд санхүүжих дүнтэй 47 төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын саналын томьёоллын хавсралт 3-т тусгагдсан төсөл, арга хэмжээний 2018 онд санхүүжих дүнг 24,500 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, 49 төсөл, арга хэмжээний хэрэгжиж дуусах хугацааг хавсралтад дурдсанаар өөрчлөхөөр тогтлоо.
Байнгын хороо, Ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдэж, зардал нэмэгдэж, хасагдсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардлын дүнд холбогдох өөрчлөлт хийх, түүнчлэн хуулийн төсөлд зүйл, заалт нэмэгдэх, өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хасагдсан, нэмэгдсэнтэй холбогдуулан хууль болон хөрөнгө оруулалтын хавсралт дахь зүйл, заалт, арга хэмжээнүүдийн дугаарт өөрчлөлт оруулахаар болов.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны гишүүд болон бусад Байнгын хорооны гишүүдээс гаргаж Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн нэгдүгээр хавсралтын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад багтах 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Инноваци, өндөр технологийг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2018 оны зорилтот түвшин 15” гэж шинээр нэмэх, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн хоёрдугаар хавсралтын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын боловсролын салбарын хөрөнгө оруулалтын багцад багтах 13 дугаар зүйлийн XIII.1.1.1 дэх дэд заалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг “Япон улсын Засгийн газрын тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/”, хэрэгжих хугацаа 2018-2020, төсөвт өртөг “3,000.0 сая” төгрөг, 2018 оны санхүүжих дүн “1,500.0 сая” төгрөг” гэж өөрчлөх санал гаргсан нь дэмжигдлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа нар хүүхдийн байгууллага, хүүхэд хамгааллын зардалд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудад 1,054.4 сая төгрөг тусгасныг З,945.6 сая төгрөгөөр нэмэгдүүлж 5,000.0 сая төгрөг болгох санал гаргасан нь олонхийн дэмжлэг авлаа.
Түүнчлэн бусад Байнгын хорооноос дэмжсэн боловч Төсвийн байнгын хорооны дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 50 гаруй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.