ОХУ-ын Москва хотод өнгөрсөн сарын 24-29-ний хооронд WRPF холбооны RAW пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан билээ. Тэмцээнд манай улсаас оролцсон ах дүү Ш.Бямбатогтох, Ш.Ариунбаатар, Ш.Алтанбаганa нар төрөл, жин бүртээ түрүүлэн аварга, хошой аварга болцгоожээ.
Дашрамд сонирхуулахад, ах дүү гурван аваргын аав нь Хэнтий аймгийн Дархан сумын харьяат аймгийн хурц арслан Ц.Шаравдорж аж.
Мөн уг тэмцээнд Хэнтий аймгийн залуу тамирчин Б.Саранхүү залуучуудын -75кг жинд өрсөлдөн мөнгөн медаль, хэвтээ шахалтын төрөлд алтан медаль, залуучуудын бүх жингийн абсолютаар гуравдугаар байрт орж “Абсолют” цомын эзэн болсон байна.