Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулах нь мөнгөний асар их хамааралд оруулж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулна хэмээн АЗХ-ны хэсэг залуус үзэж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэд “Ардчилсан намын дэргэдэх АЗХ үүсэн байгуулагдаад 17 дахь жилтэйгээ золгож байна. 2000 онд Ардчиллын төлөөх таван нам нийлж, Ардчилсан намыг байгуулах үед тус намуудын дэргэдэх Залуучуудын байгууллагууд нэгдэж одоогийн АЗХ-г байгуулсан түүхтэй. Тус холбоо нь бие даасан байдалтайгаар Ардчилсан нам болон Ардчилсан намын үе үеийн дарга, удирдлагатай хамтран ажиллаж ирсэн.
АЗХ намынхаа хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах, дотоодоосоо лидерүүдийг таниулан гаргаж ирэх зарчмаар ажилладаг. Ийм байхад АЗХ-ны Ерөнхийлөгчийг улс орон даяар явагдах нүсэр сунгаагаар тодруулахыг тулгаж, үүнийгээ залуучуудын байгууллагын үндсэн дүрэмд өөрчлөлт хийх замаар гүйцэлдүүл хэмээн шахах болсныг хүлээн авах арга алга.
Хэрэв энэ зарчмыг хүлээн зөвшөөрч, дүрэмдээ суулгавал Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллага мөнгө, санхүүгийн хүлээсэнд баригдаж, өөрсдийн зорилгоосоо хазайхад хүрнэ. Мөнгө, санхүүгийн эрхшээлд орсон удирдлагатай улс төрийн нам, аливаа хүчин улс оронд ямар их гай тарьдаг болохыг бид бэлхэн харж байгаа. Тиймээс тусдаа өөрийн гэсэн дүрэм журамтай, он удаан жил оршин тогтнож ирсэн АЗХ-ны дотоод асуудалд Ардчилсан намын зүгээс хэт оролцохыг эсэргүүцэж байна” гэлээ.