“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.
Дүүргийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 80,44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17,22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1,62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургуулиуд шинээр ашиглалтад орлоо. Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99,88%-д хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.
Тус дүүрэг өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр олон ажлыг хийжээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцны хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэсэн байна. 2012 онд 4860 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны 10 дугаар сарын байдлаар 10810 ширхэг болж өссөн юм. Мөн дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууцны хороолол доторх 1650 м.кв талбайн замын эвдрэлийг нөхөн засварлаж иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлсэн юм.
Харин дүүргийн Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулан ажилласан бөгөөд нийт 2420 төрийн албан хаагчийг оролцуулж 45 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сантай болсон. Мөн энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх 1654 гэрээг байгуулан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар татварын орлого 1,69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 1,43 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өссөн дүнгээр 14,34 тэрбум байхаар төлөвлөснөөс 13,06 тэрбумын гүйцэтгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, татварын орлого өссөн дүнгээр 1,27 тэрбум төгрөгөөр тасраад байгаа юм.