Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авсан энэхүү судалгааны дүнг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, судлаач Д.Аюуш нар танилцуулав.
Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна.
Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.
Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.
Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.