“Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин боллоо. 2017 он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв.
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялж аваргалах болзлоо хангасан.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт орсон юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн, нөгөөдөр 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар барилдана.