Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан/ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээллийг зарим хэвлэлээр цацах болсон. Тэгвэл энэхүү мэдээллийг үгүйсгэж, ОУВС-гаас албан ёсны тодруулга, тайлбар өглөө. Тус сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд, одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм. Олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Харин энэ удаад Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж тэд үзсэн байна. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолсон юм.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс учраас хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна. Харин ч Монгол улс хөтөлбөрийн хүрээнд тохирсноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байна. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарч байна. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Харин Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мата албан тушаал буурсан гэдэг ташаа мэдээлэл. Тэрбээр удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдах болсон. Тодруулбал, ОУВС-гийн ажилтан нэг улсад гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай гэнэ. Энэ журмын дагуу Коши Матай Монгол Улстай ажиллах хугацаа нь дууссан байна. Ингээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу Коши Мата өөр ажилд шилжсэн' гэв.