Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа гэх нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон ажиллуулсан. Бие төлөөлөгч дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, ИТХ дахь АН, МАН-ын бүлгүүдтэй уулзалт хийн бодит нөхцөл байдалтай танилцсан билээ. Гэтэл бие төлөөлөгч болон түүнийг дагалдан ирсэн албаны хүмүүс хотын даргад зөрүүтэй мэдээлэл хүргүүлсэн учир Баянзүрх дүүргийн ИТХ-аас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1/456 тоот албан бичгийг хүргүүллээ.
Хотын даргаас 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр дүүргийн ИТХ-д ирүүлсэн албан бичигт нэр бүхий төлөөлөгчдийг хууль зөрчсөн гэж үзсэн тухайгаа мэдэгджээ. Гэтэл Монгол Улсын дээд шүүхээс дээрх нэр бүхий төлөөлөгчид хууль зөрчөөгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрчээ. Иймд хотын даргаас Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1а дах хэсгүүдийг ноцтой зөрчин нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд удаа дараа халдахгүй байхыг дүүргийн ИТХ-аас хүссэн байна.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгч нараас давхардсан тоогоор 7 хүнийг хассан шийдвэрийг гаргаж байжээ. Харин шүүхээс 5 төлөөлөгчийг ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд дүүргийн Сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаа болохыг тогтоосон байна. Харин 2 төлөөлөгчийн асуудал шүүхийн шатанд яваа хэдий ч шүүхээс Сонгуулийн хорооны тогтоолын биелэлтийг түдгэлзүүлээд байгаа юм.