Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй бодлогыг олон улсад таниулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Mongolia Mining 2018” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 04-06-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Энэ талаар өнөөдөр үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга мэдээлэл хийв.
УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, МҮХАҮТ болон “Оюу Толгой”, “Майнэкс Монгол”, “Эрдэнэс Монгол” компани хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцох аж. Мөн гадаад болон дотоодын уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч үзэсгэлэнг үзэж сонирхохоор мандат авсан гэдгийг Т.Баттулга дарга онцлов.
Тэрбээр, “Үзэсгэлэнгийн үеэр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Өнгөрсөн жил нүүрсний салбарын талаар хэлэлцэж байсан бол энэ онд өнгөт металийг онцлох болсон. Нөгөөтэйгүүр энэ удаагийн үзэсгэлэнд оролцох ханган нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал, Канад, Финланд, Англи, Итали, Украйнаас ханган нийлүүлэгчид оролцоно. Уул уурхайн салбар тогтвортой хөгжих, эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэхэд нөлөөлдөг гол зүйл бол ханган нийлүүлэгч компаниуд. Тухайлбал “Оюу Толгой” компани 2017 онд ханган нийлүүлэгчдээс 500 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна.
Мөн “Энержи Ресурс” компани 2009-2017 он хүртэлх хугацаанд ханган нийлүүлэгчдээс 3 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Тиймээс ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь туйлын чухал юм.
Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Үүнийг дагаад Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж байгаа. Үүнийг “Mongolia Mining”-т оролцогчдын тоо өссөн үзүүлэлтээс харж болно.
2017 “Mongolia Mining”-т 120 аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ жил 130 болж нэмэгдсэн. Ингэснээр Буянт-Ухаа спорт цогцолборт үзэсгэлэнгийн талбай хоёр сарын өмнө дүүрсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс талбай худалдан авах санал ирсээр байна” гэлээ.