Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг маргааш 11-15 цагт орон даяар зохион байгуулна.
Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож энэ төрлийн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг уриалж байгаа тул тайван жагсаалыг "Дахин тэвчихгүй" хэмээн нэрлэжээ. Улаанбаатар хот болон аймгуудын төв талбайд болох жагсаалд өчигдрийн байдлаар 415 000 хүн дэмжиж оролцохоо олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байгаа юм.