Сэтгүүл зүй судлаачдын "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт үндэсний IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо. Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.
Энэхүү симпозиумыг МУИС, ХУИС, МУБИС, "Улаанбаатар Эрдэм-Оюу” Дээд сургууль хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо дэмжиж оролцлоо.
МУИС-ийн ШУС-ийн багш оюутны хөгжил, нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ "Интернэт орчин, сэтгүүл зүй, боломж”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн СМТТ-ийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа "Технологийн эрин үе дэх хэвлэл мэдээлэлд тулгарч буй сорилт, тулгамдсан асуудлууд”, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй, баримтлах зарчмууд”, ХХЗХ-ын мэргэжилтэн Т.Батболд "Онлайн контентын олон улсын зохицуулалтын орчин" сэдвээр тус тус илтгэл тавив.