"Чингис хаан" Олон Улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд өчигдөр 23.10 цагт гал гарчээ. Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоожээ. Галыг хилийнхэн нисэх буудал доторх галын хор, усны шаланкийг ашиглан унтраасан байна.
Татваргүй бараа буюу 'Duty free' худалдааны хэсэгт үнэртэй ус, тамхи, согтууруулах ундаа гэхчлэн шатамхай бараа ихтэй. Хэрэв хилийн цэргийнхэн галыг цаг алдалгүй унтраагаагүй бол олон улсын нислэг саатаж, нислэгийн үйл ажиллагаа доголдож хохирол их учрах байсныг Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнхчулуун онцлов. Учир нь, 'Чингис хаан' олон улсын нисэх буудалд явах чиглэлийн нислэг өчигдөр байгаагүй тул татваргүй барааны лангуунууд хаалттай байжээ. Галыг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж үзжээ.