Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхэн цагаас хойш 15 жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 15000 гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд улам бүр өргөж байна.Монгол цэргийн музей энхийг сахиулагчдынхаа гүйцэтгэсэн үүрэг, гаргасан амжилт, алдар гавьяа, дайчин замналыг олон нийтэд нээлттэй сурталчлах зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү бүтээлч ажилд “Цэнхэр дуулгатан”-энхийг сахиулагч та бүхний идэвх, оролцоо чухал шаардлагатай бөгөөд түүхэн үнэнийг бодит болгох үйл хэрэгт хувь нэмэр оруулна гэж итгэж байна.
Та бүхнийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нарын үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт, гэрэл зураг, биет үзмэр, бэлэг, дурсгалын зүйлсийг ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.
Ирүүлсэн түүхэн баримт, гэрэл зураг, биет үзмэр, бэлэг, дурсгалын зүйлсээс сонгох замаар музейн сан хөмрөгийг баяжуулах ба шаардлагатай эд зүйлсийг цэргийн баг, анги, байгууллагын дугаар, албан тушаал, цол, нэрийн хамт дэлгэрэнгүй тайлбартайгаар байнгын үзүүллэгийн хэсэгт дэглэж, алдар гавьяаг мөнхлөх болно.
Харилцах утас: 89093210, 99276889, 99795099.
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ
Эх сурвалж: "Соёмбо" сонин