Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тэй хамтран Орон нутгийн сэтгүүлчдийн нэгдсэн форумыг Орхон аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн 170 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцож байна.
Чуулганаар хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал зэрэг салбарын хөгжилд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэнэ.
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс форумын өмнө 21 аймагт айлчлал хийж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тодруулж хэрхэн шийдэх арга зам, гаргалгааг гаргажээ. Хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдын цалин, нийгмийн баталгаа тогтвортой биш байгаа нь салбарын хөгжлийг удаашруулж, хүний нөөцийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа нь ажиглагджээ.Мөн цаашлаад арын албанд ажиллаж байгаа ажилчдын ур чадварын асуудал хөндөгдсөн тул ийнхүү төрөлжсөн мэргэжлийн сургалтыг орон нутгийн сэтгүүлчдийн нэгдсэн форум уулзалтад оролцогсдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага өөрөө санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь орон нутгийн аль ч хэвлэл мэдээллийн байгууллага орлогоороо үйл ажиллагааны зардлаа даан ажиллахад хүнд нөхцөл байдалд ирээд байна. Тиймээс гадны төсөл хөтөлбөрүүдийг монгол улсад цаашлаад орон нутаг хэвлэл мэдээллийн байгууллага,хамтран, эсвэл дангаараа хэрэгжүүлж санхүүгийн эх үүсвэрээ зөвхөн дотоодоосоо биш гаднаас шийдэх боломжтой юм. Нэгдсэн форумын үеэр мөн төсөл хөтөлбөр бичиж сурах, арга аргачлалыг заах юм. Түүнчлэн нэгдсэн форумын төгсгөлд салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна гэж erdenetinfo.mn цахим хуудас мэдээллээ.