Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон хаврын бүсийн Дүнжингарав уралдаан өчигдөр болсон. Уралдаан оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан юм. Уралдааны улмаас унаач хүүхдүүд унаж бэртсэн аж.
Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн хангах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ц.Баатарболд хэлэхдээ, "Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа. Хурдан морины уралдаан өглөөний 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилж, Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан.
Тухайн уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон бөгөөд уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй учраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилласан" гэлээ.