Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Сар шинийн баярын амралтын гурван өдөр Нийтийн тээвэр буюу том оврын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийх" талаар хэлэлцэж, дэмжлээ.
Баяр ёслолын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэгтэй холбоотойгоор ийнхүү зохицуулалт хийж байгаа юм.
Захын хорооллуудад түгжрэл их үүсдэг учраас Нийтийн тээврийн газраас энэхүү саналыг гаргажээ. Иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд ээлж дараатай ажлыг хийж буй бөгөөд баярын өдрүүдэд зарим чиглэлд үнэ төлбөргүй үйлчилдэг туршлага бий гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлж байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас бэлтгэл ажил, зохицуулалтаа сайн хангаж, иргэддээ дээрх хөнгөлөлтийг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.
Нийтийн тээврээр зорчигчдыг үнэ төлбөргүй зорчуулахад өмнөх жилийн зорчилтоос дундажлан үзвэл нийт 105 сая төгрөгийн орлогыг бүрдүүлэх юм байна.
Сар шинийн үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, эргэлтийг мөн өөрчилнө гэдгийг НТГ-аас мэдээллээ.