Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн Баянгол, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн төв болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Өнөөдрийн 15 цагийн байдлаар тус эмнэлэгт нийт 24 хүүхэд ирж үзүүлсний гурван хүүхдэд хэвтэх бичиг өгч дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн бол яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа.
Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг эмч нар хэллээ.
БГД-ийн хүүхдийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амралтын өдөр шинээр хэвтсэн таван хүүхэд. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн жижүүр эмч Нарантуяа хэлэхдээ "Томуу, томуу төст өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлснээр тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй, эмнэлэг хэвийн ажиллаж байгаа" гэлээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байгаа аж.