ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д 2017.12.14-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, тус улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзлаа.
Тэрбээр хоёр орны найрамдалт харилцааг бататгах, ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаагаа уулзалтын эхэнд онцлон хэллээ.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко Сайд Б.Батзоригт хандан анхныхаа айлчлалыг Хөдөө аж ахуйн салбарын чухал түнш болох манай улсаас эхэлж байгаад талархаж байна. Хоёр орны өндөр дээд түвшний энэхүү айлчлал нь Монгол-Орос хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт онцгой ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.
Уулзалтын үеэр газар тариалангийн бүсэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүднээс ойн зурвас байгуулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд ОХУ-тай хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал харилцан санал солилцов.
Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монголын Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол бүхий "Мал, амьтны эрүүл мэндийн тухай", "Малын генетик нөөцийн" тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурал шинээр баталсан тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко тэргүүтэй албаны хүмүүст мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Энэ хүрээнд "Монгол малыг эрүүлжүүлэх хоёр дугаар шатны хөтөлбөр"-ийг эрчимтэй үргэлжлүүлэх тал дээр ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зөвхөн ОХУ-ын улсаас худалдан авах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины үлдэгдлийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлтийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас шийдвэрлэсэн үржлийн бус эр хонь, ямааг бэлтгэж, амьдаар нь экспортлох ажлыг шуурхайлан эхлүүлэх тал дээр ОХУ-аас дэмжлэг хүслээ. Мөн мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож, шуурхай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд, хоёр талаас ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн ОХУ-ын зүгээс Хөдөө аж ахуйн салбарт урт, богино хугацааны сургалтаар боловсон хүчин бэлтгэхэд Монголын талд дэмжлэг үзүүлж, талууд хамтран ажиллахаар санал нэгдэв.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыконы тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын шилдэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн "Ростсельмаш" компанийн Худалдаа, экспорт хариуцсан захирал М.В.Максимов болон Санхүү хариуцсан захирал Р.Н. Мусаев нартай уулзлаа.
"Ростсельмаш" компани нь Оросын Холбооны Улсдаа газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компаний нэг бөгөөд дэлхийн 20 гаруй улсад тоног төхөөрөмж экспортолдог байна.
Тус компани нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд трактор, комбайн болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг. Цаашдаа газар тариалангийн чиглэлээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэн, Монголын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа "Ростсельмаш" компанийн Худалдаа экспорт хариуцсан захирал М.В.Максимов хэллээ.
Монгол улсын газар тариалан болон мал аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, нийлүүлэлтэд ОХУ онцгой чухал үүрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийгдээгүй. ОХУ-ын шилдэг үйлдвэрлэгчдийн нэг "Ростсельмаш" компанитай техник, тоног төхөөрөмжийн тал дээр хамтарч ажиллахад боломжтой гэж харж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.