Шадар сайд Ө.Энхтүвшин (2017.12.13) Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажил байдалтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.
“ШӨХТГ нь энгийнээр хэлбэл, хүмүүст тусалж зөвлөдөг байгууллага юм. Урьдчилан сануулж, мэргэжлийн зөвлөгөө өгсөөр байтал удаа дараа хууль зөрчин хэрэглэгчдийг чирэгдүүлсэн байгууллагуудад хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ ШӨХТГ давын өмнө дарамталдаг, торгодог газар биш, туслан зөвлөдөг, залруулдаг байгууллагын зарчимаар ажиллаж байгааг дэмжиж байна” гэсэн үгээр Шадар сайд Ө.Энхтүвшин яриагаа эхлэв. Тэрбээр цааш нь “ШӨХТГ-ын ажлын эцсийн үнэлгээг хэрэглэгчид өгнө. Ажилтан албан хаагчиддаа болон аж ахуйн нэгж, байгууллагуудад өндөр шаардлага тавихын тулд эхлээд өөрсдөө хууль биелүүлж, сахилга бат, ёс зүйг чанд сахиж ажиллах ёстой. Эс бөгөөс ШӨХТГ-ын үйл ажиллагаа хүмүүст эргэлзээтэй санагдана” гэв.
ШӨХТГ-ын байгуулсан “Хэрэглэгчийн төв” нь Засгийн газрын 11 дүгээр байрны нэгдүгээр давхарт байрладаг бөгөөд 1800-1284 дугаарын утсаар хэрэглэгчдийн гомдол, саналыг хүлээн авдаг болжээ. Өдөрт 140 орчим дуудлага тус дугаарт ирдэг байна. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын хэлснээр, нийт дуудлагын тал хувь нь оршин суугчдаас ирдэг бөгөөд тэд Сууц өмчлөгчдийн холбооныхоо үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-ыг салбарын хууль эрх зүйн орчноо сайжруулах, иргэд болон аж ахуйн нэгжийг шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн асуудлаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг тус тус даалгалаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.