Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан учир үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нар чөлөөлөгдсөн.
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Монгол Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа гаргасныг Байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураах хуудсаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн билээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн учир Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна гэснийг баримтлан Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг долоо болгох горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намын бүлэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус тус Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргаснаас Д.Оюунхорол, Л.Болд нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж байр сууриа илэрхийлсэн.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг дэмжсэнээр Тусгай хяналтын дэд хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.