Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.
Уг хуулийн төсөлд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөх, хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэхээр тусгажээ.
Төсвийн байнгын хороо уг асуудлыг 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлсэн. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, зун ихэнх нутгаар гантай байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг дурдаад малчид өвс тэжээлийг мал, махаар сольж авах бололцоо бий эсэхийг лавлаж байлаа. Түүнчлэн авч, тэжээлийг хөнгөлөлттэй олгох бол өвөлжилт хүндрэн мал сүрэг нэгэнт доройтсон хойно биш аль болох эрт малчдад хүргэх хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа ч илэрхийлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, энэ жил 51 мянган тонн хүчит тэжээл, 16.000 тонн мах улсын нөөцөд бэлтгэхээр ажиллаж байгааг дуулгаад малчдад хямд үнээр өвс, тэжээл өгөх, мал, махаар солих ажлыг зохион байгуулахаар зохион байгуулан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Үргэлжлүүлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.
2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд дутагдах 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэх тооцоо гарчээ. 2018 оны тариалалтад нийт 60.0 мянган тонн үрийн буудай шаардагдах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын ургацаас 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлсөн байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ургацаас 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлээд байгаа бөгөөд 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж буй аж. Өвс, тэжээлийн хангамжийн тухайд 2017 онд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдахаар байгаа бөгөөд өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тонн хүчит тэжээл дутагдалтай байгааг сайд онцолсон.
Цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсан аж.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт, Ч.Улаан, А.Сүхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.