Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж чадахаа больжээ. НИТХ дийлэнх олонхоо бүрдүүлсэн нэг намын хэт хагарлаас үүдэн 5 сар ирцээ бүрдүүлж чадахгүй, хуралдаан хойшилж байсны эцэст саяхан хуралдсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга мөн адил төрийн ажлыг цаг хугацаанд нь хийхгүй байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг энэ сарын 20-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлэх ёстой боловч өргөн мэдүүлээгүй байгаа юм байна.
Нийслэлчүүдийн бүтэн жилийн амьдралыг шийдвэрлэх үнэ цэнэтэй бичиг баримт бол Нийслэлийн төсөв. Үүнд НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нь иргэдийнхээ нэрийн өмнөөс хяналт тавьж, саналаа оруулж ажиллах учиртай. Гэтэл төсвийн төслийг батлах цаг хугацаа тулаад байгаа ч хуралдааны дэгийн дагуу төсөл төлөөлөгчдийн гар дээр очоогүй байгаа нь хардлага төрүүлж байна хэмээн НИТХ дахь АН-ын бүлэг үзжээ.