26 жил тасралтгүй хэвлэгдэн гарсан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь /2017 оны 43 дахь/ дугаар хэвлэгдэн гарлаа.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Биеийн тамир, спортын тухай тухай болон уг хуулийг дагалдан гарсан хуулиудыг нийтэлжээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгож, биеийн тамир, спортын холбогдолтой нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, хуульд тодорхой зохицуулалтуудыг шинээр тусгажээ.
Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох нөхцөл бий болгосон байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд орон нутаг дахь сумдад зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөл бүрдсэн байсныг хуульд бүх сумдад орон тооны арга зүйч ажиллуулах зохицуулалтыг тусгаж өгснөөр 336 ажлын байр бий болж, сумын иргэд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломж бий болж буй аж.
Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжсэн, хөрөнгө оруулсан компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр болж, спортын холбоо, спортын клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор болжээ. Засгийн газраас жагсаалтыг нь баталсаны үндсэн дээр спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн татвараас чөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцох нөхцөлийг бий болгож, үйл ажиллагааны чадвар алдагдал, бэрхшээлээс хамаарч ижил түвшний тамирчинтай нь өрсөлдүүлэх зорилгоор Олон Улсын Паралимпийн хорооноос тогтоон мөрддөг тусгай ангилалыг нэвтрүүлэхээр хуульчилжээ.
Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.