Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх өргө хэмжээ өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, албан хаагчид болон нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн хуулийн дагуу Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн саналыг авч Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг болосруулахдаа тус саналыг оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлсний дагуу нийслэлийн төсвийн нийт орлогыг 729.9 тэрбум төгрөгөөр, суурь орлогыг 660.9 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, төсвийн үндсэн тэнцлийн ашгаас улсад төвлөрүүлэх орлогыг 208.5 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар батлагдсан байгаа. 2018 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа арга хэмжээнд зарцуулах юм. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барина. Хуулийн хугацааны цаглабарын дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийлэлийн төсөв батлагдах ёстой” хэмээлээ.
Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 61.0 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50.0 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.
2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.