Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн талын явган хүний зам дагуух тарьсан моднуудыг тайрчээ. Учир нь Нийслэлийн автозамын газраас Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихаар тус хэсгийн моднуудыг тайрсан аж. Тодруулбал, “Олимп”-ийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух 'Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц' барих ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Энэ ажлын хүрээнд “Олимп”-ийн гудамжинд газар чөлөөлөх ажлыг эхлүүлснээ нийслэлийн Авто замын газраас мэдээлэв.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн гарцыг барих бөгөөд нийт 30 орчим сая ам.доллар зарцуулах юм. Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь зургаан хэсгээс бүрдэнэ.
“Олимп”-ийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй дөрвөн эгнээ гүүр, Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох 8.5 метрийн өргөнтэй хоёр эгнээ гүүр нийт 15 метрийн урттай гүүр, 165 метрийн урттай тулц хана, нүхэн гарцын хамт барих юм. Гүүрэн гарцыг хоёр жилийн дараа барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.