МУИС-ийн шинэ номын сан өнгөрсөн аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай уг шинэ номын сан дотроо хичээлийн анги танхим, лаборатори, музей, кафе, номын дэлгүүр, уншлагын танхим, амралтын хэсэг, дэлгүүр зэрэг оюутнуудын бүхий л хэрэгцээг бүрдүүлсэн.
Нэг өдөрт цагийн хязгааргүй, 1000 төгрөгөө төлөөд номын сангаар үйлчлүүлэх, ном үнэ төлбөргүй унших боломжтой. Гэхдээ өдөрт 10-15 иргэнд л үйлчилнэ
Шинэ номын сан ашиглалтад орсонтой холбогдуулан бусад сургуулийн оюутан, ЕБС-ийн сурагч болон оюутан биш жирийн иргэд үйлчлүүлэх боломжтой эсэх талаар иргэд цөөнгүй асуун лавлаж байна. Бид энэ талаар МУИС-ийн номын сангийн номзүйч С.Найгалмаагаас лавлахад "Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд өдөрт 10-15 иргэн эсвэл бусад сургуулийн оюутанд үйлчилж эхэлсэн.
"Номын сангаар үйлчлүүлэгчдэд тусгайлан карт нээдэггүй бөгөөд МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээ үзүүлээд үйлчлүүлэх бол жирийн иргэн болон бусад сургуулийн оюутнууд иргэний үнэмлэхээрээ үйлчлүүлнэ. Нэг өдөрт цагийн хязгааргүй, 1000 төгрөгөө төлөөд номын сангаар үйлчлүүлэх, ном үнэ төлбөргүй унших боломжтой.
Харин магистр, докторын диссертаци үзэх бол зохих хэмжээний төлбөр төлнө. Манайх өөрсдөө олон оюутантай, суудлын ачаалал их байдаг учраас ийм журмаар зохицуулж байна. Гадны уншигчид зөвхөн дөрвөн давхрын уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 409 тоотод ирж тасалбараа бичүүлээд, номероо аваад орно. Зөвшөөрлийг зөвхөн ажлын өдрүүдэд өгнө. Хэрэв бямба гарагт суух бол урьдчилж захиалгаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн ЕБС-ийн сурагчид ирж суух гээд байдаг. Сурагчдад зориулсан ном, сурах бичиг манайд байхгүй, гаднаас ямар нэгэн ном оруулдаггүй учраас сурагчид суухад тохиромжгүй" гэлээ.
Үүнээс гадна 24 цагаар үйлчилнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа ч МУИС-ийн шинэ номын сан 24 цагаар ажиллахгүй юм байна. Харин шалгалтын үеэр зөвхөн МУИС-ийн оюутнууддаа зориулж уншлагын нэг танхимаа ажиллуулах боломжийг судалж байна гэсэн юм. Гэхдээ өвлийн шалгалтын үеэр 24 цагаар ажиллах эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа аж.
Дашрамд дурдахад, уг номын сан нийт зургаан уншлагын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд баруун жигүүрийн 1-4 давхарт номын сан, зүүн жигүүрийн 1-4 давхарт лекц, семинарын анги танхим, тав болон зургаан давхарт лабораториуд байрладаг. Цагийн хуваарийн тухайд даваагаас баасан гарагуудад 08.30-20.30 цагийн хооронд амралтын өдрүүдэд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ням гарагт амрах юм байна.