Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран "Хөгжлийн бодлогын зээл"-ийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.
Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.
Монгол Улсын Засгийн газар бага орлоготой болон ядуу иргэддээ чиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч, бэлэн мөнгө тараах, тэтгэврийн хэмжээг нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэж байна.
Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ