Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны (2017.10.24) хуралдаан 09 цаг 38 минутад гишүүдийн 57.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн даргалав.
Тэрбээр хуралдааны эхэнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхээр тогтсоныг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа энэ асуудлыг хэлэлцэх горимын санал гаргав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу горимын саналаар санал хураалт явуулсан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжсэнгүй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ
Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцсон, Монгол Улсын Засгийн газрын өрийг буулгах талаар ямар бодлого баримталж байгаа талаар илүүтэй тодруулж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2017 онд төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийг 3.3 гэж оруулсан байгаа. Дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлт сайн байгаа ч монголын хөдөө аж ахуйн салбарт өвлийн хүндрэлээс улбаатай гарч болзошгүй эрсдэлийг тооцоод, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 гэж тооцсон. Бид эдийн засгийн өсөлтийг хий хоосноор өндөр тооцохыг зориогүй. Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөгт хүрээд байгаа. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг болгож, дотоодын арилжааны банкуудуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байхаар зорьж байна гэж байлаа.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүгийг хийв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сары 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Я.Санжмятав нарын гишүүд асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн, цаашид ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг ярилцсан эсэх, 2017 оны төсвөөс хэмнэсэн мөнгийг юунд зарцуулах гэж байгааг илүүтэй сонирхож байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ажлаа аваад дөрөв хонож байна. Энэ хугацаанд ОУВС–тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.
ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдөлгөөгүйн дээр инфиляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон. Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна гэж байлаа.
Мөн тэрбээр 2017 оны төсвийн тодотголоор хэмнэгдсэн мөнгө бүхэн төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж байгааг онцлоод, төсвийн хэмнэлт бүхэн арилжааны банкнаас авах өндөр хүүтэй зээлийг бууруулж байгаа гэдгийг гишүүдэд тайлбарлаж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулалтын жагсаалтад багтаагүй, УИХ-аас батласан төсөвт суугаагүй нэг ч хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй, төсвийн сахилга батыг хатуу сахина гэдгээ энэ үеэр мэдэгдсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж байв. Дараа нь УИХ-ын Байнгын хороод, дэд хороод, Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй саналыг илүүтэй дэмжлээ. Тухайлбал, Ажлын хэсгээс төсвийн урсгал зардлыг бууруулах талаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72,550.0 сая төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,3 хувь нь дэмжив. Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх талаар “ 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зарлыг 54,962.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох төсвийн ерөнхий захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, саналын томъёоллын хавсралт 1-д тусгагдсан 43 тэрбум 923.7 сая төгрөгийг төсөвт өртөгтэй, 16 тэрбум 435.4 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмээг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Мөн Батлан хамгаалах сайдын багцын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор худалдан авах, хэрэгжих хугацаа 2017-2017 он, төсөвт өртөг 19 тэрбум 931.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 19 тэрбум 931.1 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээг хасах, үүнтэй холбоотойгоор дээрх цогцолборыг худалдан авахад шаардагдах албан татвар, зээлийн хүүгийн зардалд тусгагдсан 5 тэрбум 177.0 сая төгрөгийг тус сайдын багцын урсгал зардлаас хасах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн уг асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Энэ асуудал Батлан хамгаалах яаманд зайлшгүй хэрэгцээт тоног төхөөрөмж биш. Үүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ТОСК авсан, Хөгжлийн банктай холбоотой, манайд түр хадгалуулж байгаа төдий л асуудал. Иймд та бүхэн сайдын багцаас хасахыг хүсье” гэж байлаа.
Харин Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Ахмадын өргөөний барилгын үлдэгдэл санхүүжилт (Өвөрхангай Арвайхээр сум) хэрэгжих хугацаа 2017-2017, төсөвт өртөг 450.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 450,0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг нэмж тусгахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжсэн хэдий ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэнгүй.
Ингээд Ажлын хэсэг, УИХ-ын гишүүд, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураасны эцэст Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхийг зөвшилцөхийг дэмжив
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцэхийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөөд байна.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байгааг онцлов.
Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хөнгөлөлттэй зээлийг авахдаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнтэй салбарт хөрөнгө оруулалтыг хийх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийг анхааруулж байлаа. Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталсан есөн төсөл арга хэмжээг өөрчилж болох эсэхийг илүүтэй сонирхож байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ цаг үед төсөл нэг бүртэй танилцсан. Явцын дунд агуулгаар өөрчилж байж, үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа асуудал байгааг онцлов. Төсвийн байнгын хороо уг асуудлаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.