Бүх нийтээр мод тарих өдрийг угтан Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажиллаж байгаа юм байна. Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ой, ургаа модонд уясан хадаг шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг цэвэрлэжээ.
Цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч, лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас таван портер хадаг шашны эд хэрэглэлийг цэвэрлэж устгалд оруулсан байна. Ургаа модонд их хэмжээгээр хадаг уяж орхих нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна хэмээн мэргэжилтнүүд хэллээ. Цаашид жижиг шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхаарууллаа.