Эрүүл мэндийн салбарынханд Эрх чөлөөний талбайд өнөөдөр тайван жагсаал хийлээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалинг нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй байна. '
Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалинг нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ. Гэвч Засгийн газрын зүгээс энэхүү нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар нэг ч үг өгүүлбэр оруулаагүй байна.
Иймд эрүүл мэндийн салбарынхан тайван жагсаал зохион байгуулж УИХ, Засгийн газар, холбогдох Байнгын хороодод “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт нэмж тусган шийдвэрлүүлэх.
Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж” байгаагаа илэрхийлж шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарынхан энэхүү шаардлагаа хүргүүлэхдээ Төрийн ордонг гурван удаа гороолж УИХ, Засгийн газрын гишүүдэд өвдөг сөгдөн шаардлагаа тавилаа.