Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг. Түүн лүгээ, зунжин намаржин хэрэлдсэн МАН-ынхныг Бага хурлаараа учраа олж, хужраа тунгаав уу гэтэл үгүй бололтой.
Учир нь НИТХ-ын даргыг сонгох ёстой НИТХ хуралдаж чадалгүй дахин завсарлалаа. Өнгөрсөн долоо хоногт Ц.Сандуйг огцруулаад дараагийн даргаа сонгох гэсэн ч чадалгүй МАН-ын бүлэг нь ажлын тав хоногийн завсарлага авсан.
Энэ хугацаа өчигдөр дууссан ч дахиад тав хоногийн засварлага авчээ.
НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Хэвлэлүүдийн мэдээллээс харахад НИТХ ингэж байн байн завсарлага аваад байгаа нь Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос болоод байгаа юм биш гэнэ. Ард нь “томчууд” байдаг болоод ингээд байгаа юм гэцгээж байна. Тодруулбал, Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж байна. Өөрөөр хэлбэл, Д.Баярсайхан нь М.Энхболдын, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэнэ.
Ингэхээр МАН-ын дарга, генсек хоёр нь НИТХ-ыг булаалдаад байна уу гэсэн дүр зураг харагдаад байна. Дүр зураг ч гэж ер нь цаагуураа ийм тэмцэл өрнөөд удаж буй бололтой юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нь Д.Баярсайханыгаа, Д.Амарбаясгалан нь С.Амарсайханыгаа НИТХ-ын дарга болгочих гээд НИТХ-ын ажлыг саатуулаад байгаа болж таарав.
НИТХ бол нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргаж, нийслэлийн оршин суугчдын эрх, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Харин өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлдэг.
ХЭВЛЭЛҮҮДИЙН МЭДЭЭЛЛЭЭС ХАРАХАД НИТХ ИНГЭЖ БАЙН БАЙН ЗАВСАРЛАГА АВААД БАЙГАА НЬ Д.БАЯРСАЙХАН, С.АМАРСАЙХАН ХОЁРООС БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ГЭНЭ. Д.БАЯРСАЙХАНЫГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН АНГИЙН ХҮҮХЭД, С.АМАРСАЙХАНЫГ МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХҮН ГЭЖ БАЙНА.
Нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолборыг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн байгуулна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй.
Нийслэлийн агаар, ус, хөрс, экологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр баталж, нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавихаас гадна төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталдаг байгууллага юм.
Өвлийн сар хаяанд ирлээ. Уржигдар шөнийнх шиг цас дараалаад ороход л нийслэл хэцүүдэж мэдэхийг өнгөрсөн жил бид харсан.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд ирэх жилийн төсөв, төлөвлөгөө гээд тулгамдсан олон асуудал бий. Энэ бүхнийг НИТХ л хэлэлцэж шийдэх ёстой. Гэтэл шийд гаргах энэ толгой байгууллага иймэрхүү царайтай бужигнаж байна. Ер нь эрх баригчдын хоорондын толхилцооноос иргэд л хохирч үлддэг. МАН-ын хоёр даргын энэ зөрчлөөс болж нийслэлийн иргэд зутарч магадгүй байдал ажиглагдаад эхэллээ.
НИТХ энэ оны тавдугаар сараас хойш хуралдаагүй байж байгаад сая Ц.Сандуйг огцруулах гэж ээлжит хуралдаанаа зарлажээ. Уг нь үүнээс өмнө, 2012 оноос дэгээ өөрчилж, сар бүрийн сүүлийн пүрэв гаригт хуралддаг болоод байсан юм. Тэр үед НИТХ-ын дарга Д.Баттулга байв. Тэргүүлэгчид нь цаг үеийн асуудал гарах бүрт шуурхай хуралдчихдаг байлаа. Ингэж байнгын ажиллагаатай ажиллаж байсан НИТХ гэнэт хуралдахаа болихоор нийслэлийн ажил ямархуу явах нь ойлгомжтой.
Сүүлийн хэдэн сарын турш НИТХ хуралдаагүйн бурууг өнөө муу Ц.Сандуйтай холбодог юм. Мэдээж, тэр буруутай байх. Гэхдээ Ц.Сандуй яваад сайжирсангүй.
Даргаа сонгох гээд намынхаа дарга нарын царайг харж, байн байн завсарлага авч хурлаа сунжруулсан хэдэн төлөөлөгч л сууж байна. Гэтэл энэ хооронд нийслэлийн ажил юу болж дуусч байгаа бол гэдгийг тэд бодох ёстой юм.
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд өнөөдөр нийслэлийн өдөр тутмын ажлыг явуулж л байх шиг байна. Гэхдээ “…Су.Батболд туйлын сул дарга юм” гэж байсгээд л энд тэнд бичүүлсэн харагдах юм. Энэ аргагүй биз ээ. Удирдлагагүй хүн чинь яалтай билээ. Тэр хүнд чиглэл өгч, төсөв санхүү, төлөвлөгөө энэ тэрийг баталдаг нь НИТХ шүү дээ.
Одоо бүр амар болсон. Хурал зарлах эрх бүхий хүн ч байхгүй. Гагцхүү “дээрээс” команд ирж байж л даргын асуудал нэг тийш болох бололтой. Шуудхан хэлэхэд, МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан хоёроос болж НИТХ эзэнгүйдэж, нийслэлийн ажил хэцүүдлээ гэцгээж байгаа нь үнэний ортой болж таарав.
Б.ДАМДИН-ОЧИР