Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварчээ.
Тэд Жаргалант тосгон орчимд ажиллаж байхдаа нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ.
Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байж. Гэрт ороход ташаагаар татсан устай гэрт бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ.
Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна.
Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ.
Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байжээ. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод хамгийн түрүүнд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварсан байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.