Сүхбаатар дүүрэгт тендерийн сонгон шалгаруулалт будлиантай болж, төрийн байгууллагад танил талгүйн улмаас ажилгүй болох дээрээ тулаад байгаа аж. Өнөөдөр тус дүүрэгтэй хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан “Улаанбаатар шинэчлэл”, “Эко орчин” компаниудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Тус компаниудын удирдлагууд, эдгээр компанид ажилладаг иргэдийн төлөөлөл үндэслэлгүйгээр удаа дараа тендерээс хасагдаад байгаагаа дүүргийн удирдлагуудын буруутай үйлдэл гэдгийг хэлсэн. Тус дүүрэг 2012-2017 онд нийт 20 хорооны айл өрх, аж нэгж байгууллагын хог хаягдлыг таван багцад хуваан “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл”, “Сүхбаатар тохижилт”, “Алтан дорны хүч”, Цүзүки Юмэ ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Гэтэл 2017 оны тавдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны албанаас шалгаруулсан тендерт “Улаанбаатар шинэчлэл”, “Эко орчин” компаниуд тендерт оролцож, материалын чанар болон бага үнийн саналаар ялалт байгуулсан боловч гүйцэтгэгч байгууллагаар “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийг сонгон шалгаруулсан гэв. Мөн Сүхбаатар дүүрэг 2012-2017 онд хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан дээрх байгууллагуудад нийт тэрбум гаруй төгрөгийн өртэй байна. Энэ мөнгө хаачсан бэ гэдгийг нягталж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсч байна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр тэд онцолж байлаа.