Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан зар мэдээллийг сайн явуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах” хэрэгтэйг хэлээд наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн гамшиг, осол зэрэгт бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.