ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ төрлийн стратегийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн хэмээн олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр, цөмийн цэнэгт пуужин, цөмийн цэнэгт торпед болон шинэ төрлийн дуунаас хурдан пуужинтай ОХУ-ын шинэ стратегийн зэвсэг НАТО-гийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг “хэрэглээнээс гаргаж”, ОХУ-ыг мухардалд оруулах барууны оролдлогууд талаар болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Bloomberg-ийн онцолсноор, “Би сүүлийн 15 жилийн турш зэвсэглэлээр уралдаж, өөрсдийн давуу талаа ашиглан, ОХУ-ын эдийн засагт үндэслэлгүй шалтгаанаар хориг тавьж ирсэн улс орнуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. ОХУ-ыг дарж авах гэсэн та нарын төлөвлөгөө бүтсэнгүй” гэжээ. Путины дээрх мэдэгдэлд Пентагоны төлөөлөгч Дана Вайт “АНУ-ын засаг захиргаа ийм мэдэгдэлд цочирдохгүй. АНУ-ын цэрэг арми улс үндэстнээ хамгаалахад хэзээд бэлэн” хэмээн хариу мэдэгдээд байгаа юм.