Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Хэнтий аимгийн 42 дугаар тойргоос МАН-аас ялалт байгуулан УИХ дахь хамгийн залуу гишүүн болж тангараг өргөж асан гишүүн бол Д.Гантулга. Сайн гэхээсээ илүүтэйгээр саар зүйл хийж олны танил болж, санаатай болон санаандгүй байдлаар улс төрийн золиос болчихлоо гэсэн хардлагыг бий болгож чадаж буй улстөрч.
Ямартаа ч М.Энхболдоор ахлуулсан УИХ нь ч хүртэл Д.Гантулгыг авч үлдэх шийдвэр гаргасан. Гэвч тэр эсрэгээр нь би чөлөөлөгдөе гэж өөрөө хүсэлтээ өнөөдөр гаргалаа. Нэг талаас харахад энхрий хайрт намын дарга асан, УИХ-ын дарга ах нь түүнийг авч үлдэн, тус болж байгаа мэт. Харин нөгөө талаас нь харвал “сайн ах” нь түүнийг улам бүр янаглан хорлож улс төрийн амьд үхдэл болгож байсныг Д.Гантулга ойлгов уу гэмээр.
Юутай ч хуульд зааснаар Д.Гантулга ажлаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран эргэн ажилдаа орох боломжгүй. Тэгэхээр 42 дугаар тойрогт буюу Хэнтийд дахин сонгууль болох нь тодорхой. Харин энэ суудал дээр Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өрсөлдөнө гэх бор шувуу нисч эхэлсэн. Хэрэв сонгууль болбол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “поп”-чин Ерөнхий сайдыг өлхөн ялчих магадлал өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна билээ.
Д.Гантулгын үйлдэл үнэн, худал байсан эсэхээс үл хамаараад М.Энхболдын шидсэн чулуу эргээд өөрийг нь онох магадлалтай. Өөрөөр хэлбэл, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийн үлгэрээр Д.Гантулгаар туг тахисан гэдгээ залуу гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л М.Энхболдын төлөө дуугарч Х.Баттулгыг шүүмжилж яваад өнөөдөр ийм байдалд орлоо” хэмээн хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр битүү мэт боловч хатуухан хэлээд авсан юм.